Ерөнхийлөгчийн Засаглал ба АНУ-ын 2016 оны Сонгууль

Сайн байна уу? Миний блогыг уншиж буй уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө өөрийгөө уншигч та бүхэнд товч танилцуулсан нь зүйтэй болов уу гэж бодлоо. Намайг Намширын Батхаан гэдэг. Америкийн Нэгдсэн Улсад 4 дахь жилдээ амьдарч буй Төв Вашингтоны Их Сургуулийн төгсөх курсийн оюутан. Улс төр судлалаар 4 жил судалсан, сурсан зүйлсээсээ бага ч болов Монгол залуустайгаа хуваалцъя гэсэн үүднээс энэхүү блогыг бичихээр шийдлээ.

Манай залуус дунд ихэнхдээ улс төр гэдэг үгийг сонсоод  залхсан, зайлсхийх гэсэн ер нь төвөгшөөсөн төлөв ажиглагддаг. Улс төр гэхээр нэг л том нэр томьёо, бидний өдөр тутмын амьдралаас хол ухагдахуун мэт ойлголт байдаг. Би ч гэсэн дээд сургуульд ортлоо тийм ойлголттой байсныг нуух юун. Яг үнэндээ улс төр буюу политикс гэдэг нь бидний амьдралтай хамгийн их холбоотой, магадгүй та бидний төсөөлөөчгүй амьдралын жижиг хэсгүүдэд шууд хамааралтай юм. Ер нь ингэхэд Улс төр, Улс төр судлал гэж юу юм бэ? Америкийн академичдын хүрээнд улс төр гэдэг нь “Authoritative allocation of values” буюу нийтэд үнэт зүйлсийг захиргаадан хуваарьлах гэсэн нэгдсэн тодорхойлолттой байдаг. Энгийнээр тайлбарлахад, улс төр гэдэг нь тодорхой газар нутгийн захиргаанд байгаа ард иргэдэд нийтлэг үнэт зүйлс буюу зарчмыг (өөрөөр хэлбэл хууль дурмийг) тулган хуваарилахыг хэлж байгаа хэрэг.

За улс төр гэж юу вэ гэдэг сэдвээ түр орхиод, улс төр яагаад бидэнд хамаатай юм бэ? бид мэдэхгүй ч чухам яагаад бидний амьдралын бүх хэсэгтэй салшгүй холбоотой вэ гэдгийг тайлбарлая. Өмнө нь хэлсэнчлэн улс төр гэдэг нь биднээс хол байдаг хоосон нэр томьёо биш харин бидний амьдралын алс холын, ойрын буюу өдөр тутмын, жижиг болон том бүхий л асуудлыг шийдэж байдаг механизм юм. Жишээлбэл та жүжигчин байлаа гэж бодоход- би бол урлагийн хүн, улс төр гэгчээс хол явдаг гэвэл том эндүүрэл. Улсын болон хувийн кино театруудад юм уу драмын театрын тайзнаа “Х” сэдэвтэй жүжиг тавихыг хориглоно гэсэн улс төрийн шийдвэр гарахад л таны амьдрал орвонгоороо эргэнэ. Та хувийн хэвшлийн буюу бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодоход улсын орлогын татварыг хэд нугалж нэмэх юм уу, тодорхой бизнес эрхлэхийг хориглосон улс төрийн шийдвэр гарахад мөн л таны амьдралд их хохирол учирна. Мэдээж зөвхөн сөрөг талаасаа биш улс төрийн таатай шийдвэрүүд гаргахад таны амьдралд бас л шууд болон шууд бусаар нөлөөлнө. Гагцхүү таны амьдралыг шийдсэн улс төрийн таатай эсвэл сөрөг шийдвэр төрийн түшээдээр гаргуулах эсэх, мөн төрийг хэт урт гартай эсвэл оршиж байгаа эсэх нь мэдэхгүй байлгах нь иргэн таны улс төрийн оролцоо буюу сонгууль өгөх эсэхээс шууд шалтгаалах юм.

Ингээд блогынхоо гол сэдэв рүү оръё. Нэг мэдсэн нэлээд хазайгаад явчхаж. Ер нь нийгмийн ухааны хүмүүс нэлээд яриа, өргөн хүрээтэй бүгдийг хамарч ярих дуртай нь ажиглагддаг шүү.

Одоогийн байдлаар дэлхийн анхаарлын төвд байгаа нэгэн халуун сэдэв бол яах аргагүй АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль билээ. Чухам ямар учраас тухайн сонгуульд дэлхий дахин чих тавин үйл явц болгоныг нь тандан судална вэ? 141e4cd2778f5579576421cfea333a67 (1)
Хамгийн энгийнээр тайлбарлахад Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нь чөлөөт ертөнцийн хамгийн хүчтэй хүн буюу Америкчууд өөрсдөө “The most powerful man in the free world” хэмээн нэрлэдэг. Манай улсын хувьд ерөнхийлөгчтэй ч нийгэм төдийлөн гүн ач холбогдол өгдөггүй нь Монгол улс парламентын засаглалтай гэдэгтэй холбоотой гэдгийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Тэгвэл ерөнхийлөгчийн засаглал болон парламентын засаглал юугаараа өөр юм бэ?

Парламентын засаглалтай улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь тухайн улсын хамгийн хүчтэй засаглах байгууллага гэж ойлгож болно. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалын тэргүүн болох Ерөнхий сайдыг томилох ба Ерөнхийлөгч (зарим нөхцөлд Эзэн Хаан эсвэл Хатан Хаан) нь улсын тэргүүн гэсэн бэлгэдлийн чанартай үүрэг гүйцэтгэнэ. Харин манай улсын хувьд анх 1992 онд анхны Ардчилсан Үндсэн Хуулиа батлахдаа яг таг парламентын засаглалтай гэсэн нөхцөлийг бүрдүүлэлгүй зарим нэгэн ерөнхийлөгчийн засаглалын шинж тэмдгийг үлдээснээр зарим үед холимог эсвэл “semi-presidential” буюу хагас ерөнхийлөгчийн засаглалтай хэмээн тодорхойлогддог. Хэдийгээр манайх хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэгддэг ч өнөөгийн ерөнхийлөгчийн эрх үүргүүд харьцангуй хязгаарлагдмал юм. Монгол улсын ерөнхийлөгч нь хууль санаачлах, шүүх прокурорынхныг томилох, уучлал үзүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх гэх зэрэг хязгаарлагдмал эрх мэдэлтэй билээ. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд улсын тэргүүн болон гүйцэтгэх засаглал болох засгийн газрын тэргүүн гэсэн үүргүүдийг давхар гүйцэтгэдэг гэдгээрээ “чөлөөт ертөнцийн хамгийн хүчтэй” хүнээр нэрлэгдээд байгаа юм.

Наад захын жишээ дурдхад таван мянга гаруй төрийн албан хаагчдыг шууд томилох эрхтэй, дэлхийн хамгийн том (17 гаруй их наяд долларын ДНБ-тэй) эдийн засгийг удирдах, 1.3 сая гаран байлдаанд бэлэн цэрэгтэй зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг үүргүүдийг АНУ-ын ерөнхийлөгч гүйцэтгэдэг аж. “Америкийн ерөнхийлөгчийг үг хэлэхэд дэлхийн хувьцааны үнэ хэлбэлздэг юм” хэмээн 2016 оны сонгуулийн нэр дэвшигч Хиллари Клинтон саяхан Доналд Трампын болгоомжгүй ярьдаг зуршлыг шүүмжлэхдээ хэлсэн. Зөвхөн энэ жишээнүүдээс харахад дэлхий даяараа уг сонгуулийг анхааралтай ажиж буйн учир тодорхой болох байх.

Нэр дэвшигчдийг танилцуулахаас өмнө Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн системийн талаар товч дурдвал зохистой болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль нь АНУ-д 2 раундтай буюу шатлалтай явагддаг. “Primary election” буюу анхан шатны сонгууль нь  ихэнхдээ 2-р сараас 6-р сарын хооронд зохион байгуулагддаг ба энэ шатанд нэр дэвшигчид намынхаа бусад нэр дэвшигчидтэй өрсөлдөнө. Намын хурал 6-р сард зарлагддаг ба энэхүү шатанд ялалт байгуулсан нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуулийн намынхаа албан ёсны нэр дэвшигчээр тодордог журамтай юм. Харин дараагийн шат буюу “General election”-д нэр дэвшигч эсрэг намынхаа нэр дэвшигчтэй 11 сарын албан ёсны сонгуулийн өдөр хүртэл өрсөлдөнө. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч ард түмнээс шууд сонгогддог гэдэг ч Монголынх шиг ард иргэдийн шууд саналаар сонгогддоггүй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл иргэд “Electoral College” буюу ерөнхийлөгчийг сонгох сонгогчдын төлөөлөлд саналаа өгдөг. Америкийн сонгуулийн систем нь ихэнх орнуудынхтай харьцуулахад их төвөгтэй учир үүнийг тайлбарласан тусдаа блог бичсэн нь тохиромжтой байх.

Ингээд АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд тэргүүлж буй нэр дэвшигчдийг товч та бүхэнд танилцуулъя:

candidates

Ардчилсан намаас нэр дэвшигч супер одууд болох Хиллари Клинтон болон Берни Сандерс нар нь өнгөрсөн 2015 оны 4-р сараас эхлэн ширүүхэн өрсөлдсөөр ирсэн. Одоогоор Берни Сандерс нь 1153 төлөөлөгчдийн саналыг авсан бол Хиллари Клинтон 1428 төлөөлөгчдийн саналыг аваад байна. Үүнээс гадна Ардчилсан намд “superdelegates” гэсэн төлөөлөгчид байдаг ба тэдгээр нь намын лидерүүд, хуучин ерөнхийлөгчид болон Конгрессын гишүүд гэсэн намын хүндэт гишүүд байдаг билээ. Эдгээр “супер” төлөөлөгчид нь 6-р сард болох намын хурал дээр аль ч нэр дэвшигчид санал өгч болох ба одоогийн байдлаар 513 “супер” төлөөлөгчид Хиллари Клинтонд саналаа өгнө гэсэн бол Берни Сандерсд 38 “супер” төлөөлөгчид саналаа өгнө гэсэн төлөвтэй байгаа юм.

Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон улс төр судлаачдын таамаглалаар Хиллари Клинтон намынхаа нэр дэвшигч болно гэж байгаа ч Берни Сандерсын төлөөх дэмжлэг ялангуяа залуусын дунд маш хүчтэй хэвээр байгаа юм. Ардчилсан намын номинацыг авахын тулд нийт 2383 төлөөлөгчдийн саналыг авах ёстой ба Хиллари Клинтоны баг нийт дүнгээрээ буюу одоогийн 1941 саналаараа 1191 саналтай байгаа Берни Сандерсийг хол хаясан гэдэг аргумент гаргасаар байгаа. Гэвч Сандерсын тал 6-р сарын намын хурал хүртэл ямар ч “супер” төлөөлөгчийн санал эцсийнх биш ба Клинтон “супер” төлөөлөгчдийн саналтай нэгтгэсэн урьдчилсан дүнгээрээ манай дэмжигчдийн итгэлийг мохоох гэж байна хэмээн маргасаар байгаа билээ. Мэдээж Хиллари Клинтон нь 8 жил улсын тэргүүн хатагтай байсан, Secretary of State буюу манайхаар гадаад хэргийн сайд байж Обамагийн баруун гар болон ажилласан, Нью Йорк мужийг төлөөлөн 8 жил Сенатын гишүүнээр ажилласан, аан мөн хамгийн чухал нь ард нь АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч, түүний нөхөр Билл Клинтон хэмээх асаалттай танк байгаа гэдэг утгаараа намын элитүүдийн хүрээнд зүй ёсоор багтдаг. Тийм ч учраас намын элитүүд буюу “супер” төлөөлөгчдийн саналууд түүний атганд найдвартай байгаа. Харин Берни Сандерсийн хувьд 30 гаруй жил Сенатын гишүүнээр ажилласан гэхээс өөр томоохон албан тушаалын туршлага байхгүй ба энэ нь залуучууд болон ихэнх энгийн иргэдийн дэмжлэгийг авах том хөшүүрэг болж байгаа юм.

Берни Сандерсийн үргэлж төвлөрдөг гол асуудал нь АНУ-ын сонгуулийн хөрөнгө оруулалтын систем юм. Тэрээр олон жил энэ асуудлаар судалгаа хийсэн ба Америкийн улс төрчид болон тэдний эрх мэдэл нь тэрбумтнууд болон аварга корпорацуудын гарт орсон гэдэг хатуу байр суурьтай байдаг. Сонгуулийн өртөг жил ирэх тусам өссөөр байгаагийн нэг жишээ нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд хоёр намын нэр дэвшигчид болох Барак Обама болон Митт Ромней нар нийтдээ 12 тэрбум гаран долларыг зарцуулсан явдал юм.bernie-sanders-campaign-raised-nearly-2-million-since-the-first-2016-democratic-debateСонгуульд зориулж мөнгө босгохын тулд аварга корпорацуудаас сая сая долларын хандив аван тэдний эрхшээлд орохын оронд бага хэмжээгээр олон иргэдээс хандив цуглуулж ерөнхийдөө олон нийт буюу иргэдийн хандиваар нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх хэрэгтэй гэсэн үзэл бодолтой юм. Тэрээр одоогийн байдлаар 182 сая гаруй долларыг сонгуульдаа зориулан ийм аргаар босгосон ба нэг хүнээс ирэх дундаж хандивын хэмжээ нь 27 доллар хэмээн үргэлж бахархалтайгаар хэлдэг. Энэ нь түүнийг нэг асуудал дээрээ хэт төвлөрсөн, бусад салбарын асуудлуудыг анхаардаггүй ялангуяа гадаад бодлогын тал дээр туршлагагүй гэсэн шүүмжлэлд өртөхөд хүргээд байгаа билээ.

Харин Хиллари Клинтоны хувьд Америкийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгчийн дараах анхны эмэгтэй ерөнхийлөгч болох түүхэн завшаан олдоод байгаа юм. Хэдийгээр улс төр судлаачид найман жил ардчилсан намын ерөнхийлөгчтэй байсны дараа тухайн намын нэр дэвшигч дахин сонгуульд ялах нь бэрх гэж үзэж байгаа ч Клинтонд сонгуульд ялах маш том боломж байгаа. Түүнийг одоогийн болон хуучны улс төрийн өндөр албан тушаалтнууд, нийгмийн зүтгэлтнүүд, дэлхийн томоохон компаниудын СЕО нар, Холливуудын одууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн аваргууд гэгддэг New York Times, New York Daily News гэх зэрэг сонинуудын редакцын зөвлөлүүд 2016 оны сонгуульд албан ёсоор дэмжиж буйгаа мэдэгдээд байгаа билээ. Хэдийгээр Клинтон 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обаматай ширүүн өрсөлдөн ялагдсан ч тун удалгүй түүнийг Обама өөрийн Secretary of State буюу гадаад хэргийн сайд болохыг хүссэн юм. Тэрээр “Hard Choices” буюу “Хүнд Сонголтууд” хэмээх номондоо яаж хамаг хөлс хүчээ шавхан байж Обаматай ширүүн Cassidy-Why-Is-Obama-Embracing-Hillary-Clinton-1200өрсөлдөн ялагдсаны дараа түүнийг Обама гадаад хэргийн тал дээр баруун гараа болгохоор урьсанд их гайхширсан тухайгаа бичсэн байдаг. Барак Обамаг ерөнхийлөгч болох үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлээд байсан учир тэрээр өөрөө улсынхаа эдийн засгийг сэргээхэд хамаг анхаарлаа хандуулж, харин АНУ-ын гадаад хэргийг дэлхийд танигдсан туршлагатай лидерийн гарт хариуцуулах хүсэлтэй байсан нь Хиллари Клинтоныг сонгоход хүргэсэн гэж өөрөө тайлбарлаж байсан. Харин одоогийн сонгуульд Клинтон ялбал яг л Обамагийн үйл хэргийг үргэлжлүүлж улс оронд дорвитой өөрчлөлт авчирахгуй гэж түүнийг эсэргүүцэгчид шүүмжилдэг. Хэдийгээр тэрээр одоогийн нэр дэвшигчдийн хэнээс нь ч илүү арвин туршлагатай ч Вашингтоны “establishment” буюу элитүүдын хүрээнийх, Wall Street-ийн аварга банкнуудтай маш ойр харилцаатай, Goldman Sachs-аас гэхэд 675,000 долларын “илтгэл тавьсны” гэх төлбөрүүд авдаг, Гадаад Хэргийн сайд байхдаа хувийнхаа и-мэйл хаягийг ашигласан, Бенгазийн халдлага гэх зэрэг маш олон шүүмжлэлд өртдөг.

Харин одоо та бүхэнд энэхүү нэр дэвшигчдийн гол асуудлууд дээрх байр суурийг хүргэе:

Гадаад бодлогын хувьд хэдийгээр Хиллари Клинтон Обамагийн кабинет-д байсан ч илүү барууныг баримталсан, арай хатуу үзэл бодолтой. Клинтон таван жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд АНУ-ын оролцоог нэмэх, Афганистан дахь Америкийн цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх, Ази Номхон далайн орнуудтай харилцаагаа бататгах, дан ялангуяа Азийн орнуудтай хамтран харилцаагаа бэхжүүлж Ази тив дэх Хятадын хэт ноёрхлоос сэргийлэх гэсэн байр суурьтай. Харин Берни Сандерсийн хувьд гадаад бодлого дээр эсрэгээрээ АНУ Сирийн дайнд хязгаарлалттай оролцох, Америкийн зүгээс Сирийн бослого гаргагчдад туслалцаа үзүүлэн бэлтгэх зэргийг таслан зогсоох, АНУ-ын одоогийн түнш орнуудтай харилцаагаа улам бататгах, Афганистан дахь цэргийн үйл ажиллагааг цуцлах гэсэн байр суурьтай. Сандерсийн нэгэн том зэвсэг нь Клинтоны Ирак болон Ливи дэх АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжиж санал өгсөн түүх юм. Нэг авууштай зүйл нь тэд хоёулаа АНУ-д амьдарч буй 11 сая гаруй “харласан” буюу хууль бусаар оршиж буй цагаачдад иргэншил олгох боломжтой шинэчилсэн цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг.

Дээд боловсролын хувьд Берни Сандерс социал-демократ гэдэг утгаараа хэт зүүний, илүү хурц үзэлтэй. Тэрээр Wall Street-ийн баячууд, тэрбумтнуудын татварыг нэмж Европын орнууд шиг их дээд сургуулийг үнэгүй болгох төлөвлөгөөтэй юм. Харин Хиллари Клинтоны хувьд арай дундыг баримталсан Америкийн 2 жилийн коллежийг буюу “community college” үнэгүй болгох бодлогыг дэмждэг ба оюутны зээлийн хүүг бууруулах, их дээд сургуулиудын төлбөрийг бууруулах, дээд боловсролын салбарын хөгжилд зориулах 17 тэрбум долларын төслийг санал болгоод байгаа. Түүний бас нэгэн тааламжтай хөтөлбөр нь зээл авсан оюутнууд зээлээ эргүүлэн сургуульдаа ажил хийх юм уу авч буй цалингийнхаа тодорхой хувиар эргүүлэн төлөх арга юм.

Эрүүл мэндийн хувьд социалист Сандерс мэдээж “universal healthcare” буюу нэгдсэн бүх нийтийн, засгийн газрын хэрэгжүүлсэн эрүүл мэндийн даатгалын системийг дэмжиж байгаа. Тэрээр мөн засгийн газрыг эм үйлдвэрлэгчидтэй тохиролцон эмийн өндөр үнийг буулган Канадаас хямд үнээр эм импортлох ёстой гэдэг ч түүний энэ байр суурийг Клинтон хэтэрхий бодит байдлаас тасарсан гэж шүүмжилдэг. Үүний оронд Клинтон одоогийн хэрэгжиж буй Обамагийн санаачилсан хуулийг сайжруулан эмчийн жороор олгогддог эмийг даатгалд хамруулах хүрээг өргөжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай билээ. minimum-wage-argument2

Саяхан зохиогдсон Ардчилсан намын 9 дэх мэтгэлцээний үеэр цалингийн доод хэмжээний асуудал дээр нэр дэвшигчдийн маргалдаж буй байдал. Эхний мэтгэлцээнүүдэд Клинтон болон Сандерс нар ихэд хүндэтгэлтэй, дипломат маягаар мэтгэлцэж байсан бол хугацаа явах тусам бие биенээсээ залхсан, уцаарлангуй харилцах байдал анзаарагдаж байгаа. 

             

Либерал үзэлтэй, Америкийн Ардчилсан намын дэмжигчийн хувьд тухайн намын нэр дэвшигчид дээр төвлөрөн бичлээ. Эсрэг нам болох Бүгд Найрамдах намынхны тухай бичвэл блог маань дуусахгүй шинжтэй. Ер нь хэдийгээр Америкийн хоёр том намууд либерал болон консерватив гэж хуваагддаг ч яг үнэндээ хоёулаа классик Либерализм дээр суурилсан үзэл баримтлалтай намууд юм. Хэдийгээр Америкчууд эсрэг намынх нь нэр дэвшигч ерөнхийлөгч болчихвол төгсгөл ирэх мэт ярьдаг ч бусад орнуудтай харьцуулахад үзэл баримтлалын хувьд туйлын эсрэг тэсрэг байдаггүй. Энэ бол мэдээж Доналд Трампыг оролцуулахгүйгээр шүү дээ. Ерөнхийдөө Трампыг нео-нацист гэхэд хилсдэхгүй. Түүнийг анх нэр дэвшиж буйгаа мэдэгдэхэд хүмүүс олон жилийн туршлагатай бизнесмений хувьд улс орны эдийн засгийг сайн удирдах боломжтой юм гэж итгэж байсан. Харин түүний өдөр ирэх тутамд хийж буй үйлдлүүд, хэлж буй үгс ямар боловсрол нимгэнтэй, улс төрийн туршлагагүй гэдгийг нь яруу тодоор илтгэх шиг.

PR Donald Trump picТрампын одоогийн байдлаар хэлсэн зарим нэг “гомдмоор” зүйлсийг дурдахад-  үймээн самуун намжтал Америкийн хилээр Лалын шашинтнуудыг нэвтрүүлэхгүй байх, Мексик Америк хоорондын хилийн дагуу аварга хана босгож зардлыг Мексикийн засгийн газраар төлүүлэх, хууль батлагдвал үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг шийтгэх, аан тийм хамгийн сонирхолтой нь Америкт байгаа 11 сая гаруй хууль бус цагаачдыг албадан хөөх гэх мэт тоо томшгүй эрүүл бус мэдэгдлүүдийг хийсээр байна. Хамгийн хачирхалтай нь тэрээр бусдыг үргэлж шүүмжилж, доромжилж, санаанд багтамгүй бодлогуудыг байнга зарладаг мөртлөө яг Америкт болон олон улсад тулгараад буй асуудлуудыг хэрхэн шийдэх тухай албан ёсны төлөвлөгөө болон төслүүдийг ер танилцуулдаггүй. Гэвч Трампын энэ хэр баргийн улс төрчөөс гармааргүй үйлдлүүд болон мэдэгдлүүд нь түүнийг анхан шатны сонгуульд намдаа саналын тоогоор нэгт явахад саад болохгүй байгаа юм. Харин ч эсрэгээрээ энэ гаж үйлдлүүд нь түүнд хэнээс ч илүү их хэвлэл мэдээллийн анхаарал авчирсан. Энэ нь Трампын сонгуулийн сурталчилгаанд сая сая доллар хэмнэх тактик ч байж мэднэ.

landscape-1458677787-trumpcruzkasichБүгд Найрамдах намын бусад нэр дэвшигчдийн тухайд маш товч дурдхад- намдаа хамгийн өндөр боломжтой гэгдэж байсан АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш 160 сая долларыг босгосон ч олигтой дэмжлэг авалгүй сонгуулиас гарсан. Одоогийн гурван нэр дэвшигчдээс Доналд Трампыг зогсоох хамгийн өндөр магадлалтай гэгддэг нь Тэд Круз хэмээх залуу Техасаас сонгогдсон сенатор. Үлдсэн нэр дэвшигч бол Жон Кейсик хэмээх Охайо мужийн амбан захирагч, тэрээр сүүлийн үед Доналд Трампыг бүр мөсөн зогсоохын тулд Тэд Крузтэй хүч нэгтгэж байгаа гэж зарлаад байгаа.

Ингээд энэ хүртэл блогыг маань уншсан хүндэт уншигч танд гялайлаа! Улс төр, АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгууль гэх зэрэг маш өргөн сэдвүүдийг аль болох ойлгомжтой товчхоноор тайлбарлахыг хичээлээ. Мэдээж нэлээн их асуудлууд орхигдсон байгаа. Гэлээ ч сунжирсан, уншихад бэрх санагдсан бол хүлцэл өчье! Эх хэлээрээ анхныхаа блогоо бичсэндээ сэтгэл хангалуун байна, өмнө нь дандаа л Ангилаар бичдэг байжээ. За эцэст нь энэхүү асуудлуудын тухай санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай гэж уншигч таныг уриалж байна, Монгол залуустайгаа санал бодлоо солилцоход үргэлж нээлттэй байх болно!

 

 

http://www.bbc.com/news/election-us-2016-35666347

http://www.businessinsider.com/bernie-sanders-campaign-raises-nearly-2-million-since-debate-2015-10

http://www.cnn.com/2015/05/05/politics/gallery/2016-election-presidential-contenders-democrats-republicans/

http://www.newyorker.com/news/john-cassidy/why-is-president-obama-embracing-hillary-clinton

 

 

15 thoughts on “Ерөнхийлөгчийн Засаглал ба АНУ-ын 2016 оны Сонгууль

  1. HI, unshihad taatai bailaa, US presidential election bolon Electoral College iin talaar sain tailbarlaj ugnu uu, eswel ene talaar niitlel ee urgeljluulj bicheerei.

    Thanks

    Liked by 1 person

  2. Сайн байна уу, сонирхолтой сайхан бичвэр байна. Цаашдаа улам сайжрах нь лавтай.

    Liked by 1 person

  3. Монгол улсад мэргэжлийн улс төрч улс төрийн ухаан урлаг яахын аргагүй дутагддаг. Монгол залуу хүн АНУ-ын нэр хүндтэй Их Дээд сургууьд Улс төр судлалаар суралцаж байгаад бахархаж, бичсэн нийтлэлийн өгүүлбэр бүр мэдлэг болохуйц мэдээлэл байгаад баярлаж бахархалаа. Монголд яг ийм шинэлэг мэргэжлийн хүн улс төрийн тогоонд хэрэгтэй байгаа шүү. Амжилт хүсэж блогоор чинь байнга зочилж байяа гэж бодлоо.

    Like

Leave a comment