“Ардчилал” Цувралын Төгсгөлийн Ангиуд

Cаяхан би Монголын Eagle News телевизийн ярилцлагад орлоо. Уг нь хөтлөгчтэйгөө эртнээс тохироод гайгүй ч бэлдээд яг ярилцлагадаа орох гэтэл бага зэргийн техникийн саатал гарч, би ч яг хүссэнээрээ ярьж, хэлье гэснээ тултал хэлж чадалгүй тэгсхийгээд ярилцлага дууссан. Улс төр судлалаар төгссөн учраас, халуун цэг дээр нь байгаа хүнээс бодит мэдээлэл авах гэсэн юм аа гэсээр надад хандсан сэтгүүлчид талархсанаа илэрхийлье. Ярилцлага маань тийм ч өргөн хүрээг хамарсан болж чадаагүй мөн хүмүүст АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадаагүй учраас яг өгье гэсэн мэдээллээ нийтлэл болгон бичихээр шийдлээ.

Өмнөх нийтлэлдээ хэлсэнчлэн “чөлөөт ертөнцийн шинэ лидерийг” сонгох АНУ-ын 2016 оны сонгууль нь болоход ердөө хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Чухам яагаад энэ сонгуулийн үр дүн тийм чухал юм бэ, ер нь энэхүү сонгууль юуны тухай байв, иргэд ямар үзэл бодолтой байна вэ, хэн нь гарвал ямар үр дагавар гарах вэ гээд зах зухгүй олон асуултуудаас чадах ядахаараа хариулъя гэж бодлоо.

Хэдхэн хоногийн өмнө СГЗ Яруу Найрагч Цоодолын Хулангийн өгсөн нэгэн ярилцлагыг үзээд АНУ-ын 2016 оны сонгуулийн тухай болон Монголд болж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдал, ер нь дэлхий даяарх нөхцөл байдлыг тайлбарлах нэгэн сонирхолтой өнцгийг олж авсан. Яруу найрагч Ц.Хулан хэлэхдээ 1937 оны зохиолч Ц.Нацагдоржийг өнгөрдөг шөнөөс эхлэн Монголд, ер нь дэлхий даяар террор эхэлж, дэлхий тэр чигтээ тэнэглэл руу явж буй өнөөгийн энэ цагийн эхлэл тавигдсан. Агуа их Америкт хүртэл, хэдэн зуун сая хүнтэй том гүрнээс Хиллари Клинтон болон Доналд Трамп хоёроос өөр хүн олдохгүй байна гэж үү? Боддоо, нэг гэр бүлээс хоёр Ерөнхийлөгч төрнө гэж юу гэсэн үг вэ? Америкийн нийгэм, улс төр тэр чигтээ мөнгөний хавчлагад орчхож. Rothschild, Rockefeller гэсэн том гэр бүлүүд шиг Клинтон, Трамп гэсэн 2 угсаатнууд үзэлцэж байна хэмээн ярьсан.

nichols-dollarocracy-banner

Хэдийгээр бага зэргийн хэтрүүлэгтэй, яруу найрагч хүний романтик сэтгэлгээгээр хийсэн дүн шинжилгээ мэт боловч тэрээр нээрээ ч нэгийг бодуулж хоёрыг тунгаах асуудлуудыг хөндсөн. Ингэхэд ер нь Америкийн 2016 оны сонгуулийн үйл явц сүүлийн жил хагасын хугацаанд яг юуны тухай болоод өнгөрөв? Ард иргэдийн ерөнхий байдлыг аваад үзэх юм бол энэ их шуугиан, маргаан, хэл амын дунд ердөө нэг л том асуудал байна гэж харж болно. Тэр нь юу вэ гэвэл 2016 оны сонгууль нь Америкчууд улс төрийн элитүүдээс залхсан, anti-Washington sentiment буюу Вашингтоны элитүүдын хүрээнийхний эсрэг байр суурь, хандлагад автсан нь ил тод байгааг харуулж буй хэрэг юм.

Үнэхээр өндөр боловсролтой, тухайлбал Йелийн Их Сургуулийн Хуулийн ангийг төгсөгч, улс төрийн арвин туршлагатай- тэргүүн хатагтайгаас авахуулаад сенатор, гадаад хэргийн сайд (төрийн нарийн бичгийн дарга) хүртэл албыг хашсан, Америкт болон дэлхий дахинд тулгараад буй асуудлуудыг үндэс сууриар нь мэддэг гэгддэг Хиллари Клинтон яагаад ард иргэдээс өрсөлдөгчөөсөө хол тасарсан үнэлгээ, дэмжлэг авч чадахгүй байна вэ? Хариулт нь миний өмнө хэлсэнчлэн- тэрээр 30 гаруй жил олны өмнө улс төрийн тавцан дээр байсан, өөрөөр хэлбэл Вашингтоны цөөнх элитүүдийн хүрээнийх учир угаас язгууртнуудын эсрэг зогсох сэтгэлгээтэй Америкчууд түүнд бүрэн итгэл дэмжлэгээ өгч чадахгүй байна. Мэдээж үүн дээр нөгөө улиг болсон и-мэйл, Бенгазийн халдлага гэх мэт асуудлууд яагаад түүнд бүрэн итгэж чадахгүй байна вэ гэдэгт нэмэлт тайлбар болон орж ирнэ. Асуудлын гол нь 2016 оны сонгуулиар иргэд “төгс,” өөгүй нэр дэвшигчийг хайгаад байгаадаа биш юм. Хамгийн гол нь Америкт шинэ, сэргэг нүүр царай хэрэгтэй байгаа. Арга барсан Америкчууд тэрбумтан Доналд Трампыг дэмжиж байна. Тэрээр бас л шинэ сэргэг нүүр царай, ард иргэдийн хүсэж буй цэвэр агаар мөн үү гэвэл биш. Хэдийгээр тэрээр бизнесмен, тэрбумтан, реалити шоуны од гэх мэт жирийн ажилчин пролетари ардад тийм ч таатай сонсогдохгүй цол гуншин олонтой ч, гагцхүү улс төрийн элитийн хүрээнийх биш юм!

giphy

Энэ бүх асуудлыг бүрэн зураглалаар нь аваад үзэх юм бол Америкчууд 2016 оны сонгуулиар- жинхэнэ Америк гэж хэн юм бэ- гэсэн асуулттай нүүр тулаад байгаа юм. Америк гэдэг нь бусдаас бүгдээс өөрийгөө дээгүүр тавьж, өөр шашин шүтлэг, соёл иргэншил, үндэстэн угсаатан, уламжлалыг үгүйсгэж, ялгаварлан гадуурхахыг хэлээд байна уу? Эсвэл Америк гэдэг нь үргэлж тэргүүнд явж, дэлхий дахинд түүчээлэн үлгэрлэж, олсон амжилт ололтоо бусдад түгээж, боломжгүй хандив туслалцаа хэрэгтэйдээ тусламж үзүүлж, жинхэнэ melting pot буюу бүх үндэстэн угсаатан, соёл иргэншил, шүтлэгийг нийлүүлж хайлуулдаг тогоо юу гэдэгт хариулах сонгууль болоод байгаа юм. Эв нэгдэлтэйгээр урагшаа алхах уу, талцаж хагаралдан хойш ухрах уу гэдэг асуултын хариуг л Америкчууд 2016 оны 11 сарын 8ны өдөр өгөх гэж байгаа юм.

Ярилцлагын үеэр хэлсэнчлэн, Трампын дэмжигчдийг хоёр бүлэгт хувааж болж байгаа юм. Эхнийх нь мэдээж түүний чин шүтэн бишрэгчид. Түүний үзэл бодол, улс төрийн асуудлууд дээрх байр суурь, дэвшүүлж буй санал бодлоготой нь санал нийлдэг шүтэн бишрэгчид нь. Нөгөө бүлэгт нь Ардчилсан намын эсрэг зогсож Бүгд Найрамдах намынхаа нэрийн өмнөөс түүнийг дэмжихээс өөр аргагүй болж мухардалд орсон дэмжигчид. Тэдний хувьд Доналд Трампын хэлсэн холбооны дээд шүүхэд консерватив үзэлтэй, нийгмийн өмнө тулгараад буй томоохон асуудлууд дээр Бүгд Найрамдах намын үзэл баримтлалыг илтгэж чадах шүүгчдийг томилно гэсэн амлалт нь хангалттай болоод байгаа. Өөрөөр хэлбэл, холбооны дээд шүүх буюу Supreme Court нь ямар ч ерөнхийлөгчөөс илүү томоохон асуудлууд дээр нөлөөтэй байдаг учир тэрхүү хоёр дахь бүлэгт хамрагдах Трампын дэмжигчдийг тайвшруулж байгаа юм. Дээд шүүхийн шүүгчид бүх насаараа томилогддог учраас Трамп шинэ шүүгч томилож тэр нь Сенатаар батлагдаж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Тийм учраас тэрхүү хавчлагад орсон Бүгд Найрамдах намын гишүүд болон дэмжигчид нь мөрийтэй тоглоомд бооцоо тавьж байгаагаас ялгаагүй байдалд орчхоод байгаа юм.

us-supreme-court-memebers

Photo Courtesy of AARP.com

Трампын ёс зүйгүй мэдэгдэл, үйлдлүүдийг өөгшүүлэн дэмждэг, хэт үндсэрхэг үзэлтэй, нийгмийн цөөнх болон бусад эмзэг бүлгийнхнийг ялгаварлан гадуурхсан үзэлтэй дэмжигчид байгаа нь Доналд Трампын буруу биш. Доналд Трамп гэх этгээд нь хэдий санаанд оромгүй үйлдлүүд хийдэг ч яг үнэн хэрэгтээ тэрээр өөрөө Америкт тулгараад буй асуудал нь биш. Асуудлын гол нь түүнийг үхэн хатан дэмжиж буй, Америкийн тийн хагасыг цогцлоох хэдэн арван сая иргэд байгаа юм. Трампыг дэмжлээ, хэт радикал аюултай санаануудыг өөгшүүлэн түгээлээ гээд тэр хүмүүсийг шийтгэх үү, цагдан хорих үү? Үгүй. Америк гэх эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон оронд та өөрийн гэсэн улс төрийн үзэл бодолтой байх, дуртай шашин шүтлэгээ чөлөөтэй шүтэх бүрэн эрхтэй. Гагцхүү тэдгээр нийгмийн хагарал руу хөтөлсөн үзэл бодлуудыг засан залруулж, тайлбарлаж, яагаад ямагт Америк шиг улсад иргэд нь бие биенээ хүндэлж зохицон амьдрах хэрэгтэй вэ гэдгийг ухааруулан нийгмээ саруулжуулах нь дараагийн сонгогдох жинхэнэ хүчтэй лидер хүний хийж чадах, хийх ёстой ажил!

Харин Клинтоны дэмжигчдийг нэлээн хэдэн байдлаар хувааж болж байгаа юм. Эхний бүлэгт мэдээж түүнд 1990-ээд оноос нөхөр Билл Клинтон нь ерөнхийлөгч байхаас эхлэн итгэл хүлээлгэсэн дэмжигчид, хоёр дахь бүлэгт Барак Обамагийн дэмжигчид, дараагийн бүлэгт цөхрөлд орсон Трампыг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй Бүгд Найрамдах намын гишүүд болон бас нэг бүлэгт Берни Сандерсийн зарим нэгэн дэмжигчид нь багтаж байгаа юм.

14883437_1300887593301100_2615683195519929537_oЭнэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог тал нь шинэ залуу үеийнхэнд сонголтоо хийхэд нь тулгараад буй асуудал. Хамгийн анх удаа сонгууль өгөх гэж буй Америк залуус, ялангуяа Millennials буюу шинэ мянганы гэж нэрлэгдэх залуус маш бухимдалтай, өөрсдийнх нь шалгуурт нийцсэн нэр дэвшигч алга хэмээн зарласаар байгаа. Тэдний хувьд ганц Ардчилсан намын ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд нэр дэвшсэн Берни Сандерс л найдвар нь байсан. Учир нь залуус түүнийг шударга, улс төрийн бохир тоглоомыг насаараа цэвэрлэх гэж тэмцсэн, жинхэнэ ард иргэдийн төлөө гэсэн бодолтой тэмцэгч хэмээн тодорхойлдог. Нэгэнт Хиллари Клинтон намынх нь албан ёсны нэр дэвшигч болоод сонгогдчихсон ийм үед залуус яах ёстой вэ гэсэн асуулт Америкийн нийгэмд маш өргөн хэлэлцүүлгийг бий болгоод байгаа. 

one-third-of-millennials-are-living-with-their-parents

Доналд Трампыг боловсролтой орчин үеийн залуусын ихэнх нь тэвчиж ч чаддаггүй. (Боловсролтой гэж тодотгосныг анхаараарай, учир нь Америкт алслагдмал суурин хэсгүүдэд амьдарч тариалангийн ажил эрхэлдэг дээд боловсролгүй залуусийн том хэсэг байгаа. Тэд ихэнхдээ их хурц радикал үзэлтэй, хэт үндсэрхэг, бүр цаашилбал арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй иргэд байдаг.) Харин Хиллари Клинтоны хувьд бүгд түүнийг арвин туршлагатай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч бүрэн итгэж болох хүн гэж үздэггүй. Үнэндээ Клинтоны хамгийн том шалгуур нь түүнийг иргэд итгэхэд бэрх хүн гэж үздэг явдал юм. Нэн ялангуяа залуучууд түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдчихвол дорвитой өөрчлөлт, сайжралыг Америкт авчирч чадахгүй, одоогийн хөрөнгөтөн элитүүдэд үйлчилсэн системийг халах ашиг сонирхолгүй хүн гэж үздэг. 

Тэгвэл Хиллари Клинтоны энэхүү хамгийн том сул тал болох “итгэхэд бэрх” гэсэн тодорхойлолтыг хэрхэн тайлбарлах вэ? Би саяхан нэгэн нийтлэл уншиж байгаад маш сонирхолтой тайлбар олж уншсан. Тэрхүү нийтлэлд Хиллари Клинтоны энэхүү олон нийтийн дунд бий болсон имижийг сэтгэл зүйн талаас нь тайлбарласан байлаа. Психологи буюу сэтгэл зүйн талаас нь аваад үзвэл эрчүүд (ер нь хүмүүс) маш амжилттай карьертай, өндөр боловсролтой эмэгтэй хүнээс өөрийн эрхгүй сүрддэг аж. Хамгийн сонирхолтой нь хүмүүс өөрсдийгөө тэрхүү амжилттай эмэгтэйгээс сүрдэж байна гэдгээ мэдэх албагүй ба үр дүнд нь тухайн эмэгтэйгийн талаар “хүйтэн, хатуу, сэтгэлийн хөдөлгөөнгүй, өрөвч сэтгэлгүй, гэр бүлдээ цаг зарцуулдаггүй, хувиа хичээсэн, хэт амбицтай” гэх мэт тааламжгүй сэтгэгдлүүд шууд тархинд нь төрдөг байна. Энэ нь мэдээж эмэгтэй хүн үргэлж эр хүнийг дээдэлж, айлийн сайн эзэгтэй болон үр хүүхдээ өгсөж бойжуулан эрэгтэй хүнийг карьераа хөөж байхад нь арыг нь даах ёстой гэсэн дэлхий даяар давамгайлдаг уламжлалт стереотиптай холбоотой байх. Тийм ч учраас Хиллари Клинтон шиг Америкийн улс төрийн тогоонд 30 гаруй жил чанагдсан дэлхий дахинд нугаршгүй хүчтэй эмэгтэй лидер гэдгээрээ алдаршсан эмэгтэй хүний хувьд “итгэхэд бэрх, хүйтэн” гэх зэрэг тодорхойлолтууд өөрийг нь цаг ямагт дагадаг биз ээ.

14692155_1297613403628519_62070272661447505_o

Тэгвэл сонголтоо хийж чадахгүй байгаа millenials буюу шинэ мянганы залууст ямар сонголт үлдэж байна вэ? Саяхан телевизийн салбарын акул Опра Уинфри нэгэн ярилцлагадаа-“Сонголтоо хийж чадахгүй байна гэх иргэдийг ердөө ойлгохгүй байна! Энд сонгож ядаад байх зүйл алга байна шүү дээ! Бидэнд байгаа ганцхан сонголт бол Хиллари Клинтон. Түүнд би нэг л дургүй гэж хэлдэг хүмүүст хандаж хэлэхэд, битгий санаа зов тэр таны гэрт чинь ирэх гээгүй, та түүнд дуртай байх албагүй. Харин ганц асуух ёстой асуулт нь ‘та энэ улс оронд дуртай юу?’ Хэрэв тийм бол эргэлзэлгүй гараад саналаа өг!”- хэмээн гайхалтайгаар хэлсэн. Яг үүн шиг залуус өөрсдөөсөө асуумаар байгаа юм. Берни Сандерс гэх мөрөөдөл аль хэдийн өнгөрсөн. Хэдийгээр тэрээр мундаг нийгмийн зүтгэлтэн болоод хувьсгалч мөн ч гэсэн яг бодит байдал дээр Америкийн өнөөгийн нөхцөлд хэрэгжихэд тун бэрхшээлтэй юм уу эсвэл бүр боломжгүй бодлогуудыг санал дэвшүүлдэг. Нэг үгээр хэлбэл, Америкийг удирдахад хэт социалист үзэлтэй. Бусад жижиг намуудаас нэр дэвшигчдэд хэрэгтэй сайн санаанууд, бодлогууд байгаа ч тэд дэлхийн хамгийн том гүрний хамгийн дээд албан тушаалыг хашихад туршлага, дэмжлэг, хүч дутна. 

Ингээд эцэст нь Америкийн Нэгдсэн Улс хаашаа зүглэж байна вэ? Ази номхон далайн бүсэд анхаарлаа төвлөрүүлэн Ази тив дэх Хятадын хэт ноёрхлоос урьдчилан сэргийлсэн бодлого баримталж, Ойрх Дорнодод болж буй үймээн самууныг зэвсэгт хүчээр шийдэмгийгээр таслан зогсоож, сая сая хууль бусаар АНУ-д оршиж буй цагаачдад иргэншил олгож бүхнийг хамарсан нийгмийг бүтээх их ажлыг үргэлжлүүлэх үү? Аль эсвэл цагаан хэрэм шиг аварга хана босгож өөрийгөө дэлхий дахинаас тусгаарлаж, шашин шүтлэг, үндэс язгуур, арьс өнгөөр ялгаварлаж, жендерын тэгш бус байдлыг дэвэргэж, амьдралынхаа тийн хагасыг АНУ-д өнгөрүүлсэн хууль бусаар оршиж буй цагаачдыг цэргийн хүчээр албадан хөөн гаргаж, иргэдийг татварын дарамтаас чөлөөлнө гэсэн нэрийдлээр жинхэнэ саятан тэрбумтнуудад татвараас зайлсхийх боломжийг олгож, trickle-down economics хэрэгжүүлж, олон улсын харилцааны хувьд хувиа хичээсэн илүү үндсэрхэг үзэлтэй Америкийг хүсэж байна уу гэдгийг иргэд ердөө 2 долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа шийдэх болно!

Seal_of_the_President_of_the_United_States.svg.png

 

 

 

http://www.whitehouse.gov/nsc/nss.pdf

http://www.dollarocracy-book.com/about_the_book.html

http://cdnph.upi.com/ph/st/th/6651401816765/2014/upi/dbdf6c537c45b6b6db886739c0de85aa/v1.5/One-third-of-millennials-are-living-with-their-parents.jpg?lg=5

Advertisements

3 thoughts on ““Ардчилал” Цувралын Төгсгөлийн Ангиуд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s